АРЬСАН ГУТАЛ

Гутал муут гурвын цаана гэж Монголчууд дээр үеэс ярьсаар ирсэн.
Сүүлийн үеийн моодыг дагаж гутлаа сонгодог нэг хэсэг байхад хөлд эвтэйхэн байдал, үнийг нь харж сонголтоо хийдэг хүмүүс бас бий.
Хамгийн удаан эдэлгээтэй, бөх бат бөгөөд зузаан арьсанд тугалын болоод үхрийн арьс тооцогддог.
Харин гахайн шир бөх бат чанараараа тугал, үхрийн ширийг гүйцэхгүй, үнэ нь ч хямд. Ус чийгэнд тэсвэр муутайгаас гадна амархан хэлбэрээ алддаг. Ийм учраас гахайн ширийг ихэвчлэн гутлын улавч, гутлын дотор, түрий зэргийг хийхэд ашигладаг.
 Ямааны арьсыг бид шевро гэж нэрлэдэг. 1,8 - 1,5 мм-ийн зузаантай буюу хамгийн нимгэн цэвэрхэн арьс учраас эмэгтэй хүний гоёлын гутал хийдэг байна.
Технологийн дэвшил хиймэл арьсыг ч жинхэнээс ялгахын аргагүй болгож чадаж байна.

Хиймэл арьсыг хэрхэн ялгах вэ? Хамгийн түрүүнд гуталны шошгон дээрх дүрсийг харах хэрэгтэй. Дэлгэсэн арьсны хэлбэр бүхий зураг байвал жинхэнэ арьсаар хийснийг илэрхийлнэ. Ромбоны дүрс байвал хиймэл арьсаар хийсэн гэсэн үг. Даавуун гутал бол сүлжмэлийн дүрсээр илэрхийлдэг байна.
Италиар арьсыг vera pelle, англиар genuine leather, германаар echtleder, францаар cuir гэж бичдэг.
Гуталны цахилгааны дагуу барьж оёсон цэвэр арьсанд хууртаж болохгүй шүү. Хиймэл арьсны буруу талыг харуулахгүйн тулд ирмэгийг нь нугалж оёсон байдаг.

Хэрхэн хамгаалах вэ

Гутлынхаа тоос шороог нь зөөлөн хуурай алчуураар цэвэрлэж, өнгө алдах, ус чийг болон нар салхинд хэврэгшихээс хамгаалах үйлчилгээтэй тос түрхэнэ. Ингээд тосыг арьсанд шингэсний дараа буюу гутлаа тосолсноос 5-10 минутын дараа үсэрхэг сойз, эсвэл хуурай даавуугаар арчиж өнгөлөөрэй. Гутлыг өдөрт нэг л удаа ингэж цэвэрлэхэд хангалттай. Тоос шороо болбол зөөлөн алчуур эсвэл өнгөлөгч порлоноор арчихад хангалттай. Гутлыг зөв арчилснаар эдэлгээг нь уртасгаж болдог.

АРЬС ТАНИХ АРГУУД
Арьсыг танихын тулд гутлыг алгаараа дараад хэсэг байх ёстой гэнэ. Жинхэнэ арьс хэсэг хугацааны дараа бүлээн болдог бол хуурамч арьс сэрүү татах мэдрэмж төрүүлнэ.
Алгаа авахад хиймэл арьс бол чийг үлдсэн байна.
Үнэрээр нь ялгах бараг боломжгүй. Хиймэл арьсанд натурал үнэр шингээчихсэн байдаг. Гэртээ ирсэн хойноо гутлан дээрээ ус дусааж шалгаж болно. Хиймэл арьсан дээр усны дусал тогтдоггүй. Харин жинхэнэ арьсан дээр тогтохоор барахгүй, хэсэг хугацааны дараа арьс руу шингээд орчихно. Чанартай арьс хэлбэрээ сайн хадгалдаг учраас гутлын хоншоор маш тод хэвтэй болсон байх учиртай. Гуталны хоншоорыг ээтийлгэн нугалахад амархан нугарч буцаж хэвэндээ орж байвал сайн гутал гэсэн үг. Хуруугаараа дараад нэг үз. Чанартай арьс бол бага зэрэг үрчийгээд хэвэндээ орно. Хуурамч болон чанаргүй арьс бол үрчийхгүй, толигор хэвээрээ үлдэнэ. Гарыг тань бохирдуулахгүй. Хуруугаа норгоод арчсан ч ямар нэгэн ул мөр үлдэхгүй. Хэрэв толбо үлдэж байвал цас бороонд өмсөлтгүй гутал байна гэсэн үг.
Оёдлын ирмэгээр харагдаж байгаа арьсны зузааныг нь 0,8 - 1,2 мм байвал зүгээр. Үүнээс зузаан бол амархан хагарал үүсэх талтай.
Гутлыг тавцан дээр тавиад хажуунаас нь харахад өсгий нь тавцантай бүх хэсгээрээ харьцаж, харин өлмий нь бага зэрэг өргөгдсөн байх ёстой. Гуталны хоншоорны хэсгийн улыг сайн хар. Ул нь хоншоорноос яльгүй илүү гарсан байвал гутлны хоншоор цохилтонд өртөх нь багасна. Үстэй дотортой гутал бол үснээс нь зулгаагаад үз. Чанаргүй гутал бол үс нь сугараад ирнэ.